-1

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭГДЭЭГҮЙ НОТЛОХ БАРИМТЫГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ҮНЭЛДЭГГҮЙ

2021-11-10 15:50:35    |   94

\"\"

“Шүүхийн тамгын газар” нь тус аймаг дахь шүүхүүдийн “Шүүн таслах” ажиллагааны болоод цаг үеийн мэдээ мэдээллийг цувралаар хүргэхээр бэлдсэн билээ. Энэ удаагийн “Тодруулга булан”-гаараа дамжуулан Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Бүрэнтогтохтой Эрүүгийн хэргийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн талаар ярилцсан ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн. Сайн байна уу. Алтайн мэдээ сонинг уншиж байгаа нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Доржсүрэнгийн Бүрэнтогтох гэдэг. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажилладаг.
-Давж заалдах шатны шүүхийн талаар мэдээлэл өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх нь ямар үүргийг хэрэгжүүлдэг вэ?
-2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Говь-Алтай аймаг дахь засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийн хүрээнд Эрүү, Иргэн, Зөрчлийн хэргийн шүүн таслах ажлыг хэрэгжүүлэх болсон.
Тус шүүх нь давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Эрүүгийн хэргийн шүүгч, Иргэний хэргийн шүүгч гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байна. Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг давж заалдах гомдол, эсэргүүцлийн дагуу мөн анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн иргэний хэргийг давж заалдах гомдлын дагуу тус тус хүлээн авч шийдвэрлэдэг.
Давж заалдах шатны шүүх хэрэг маргааны тухайд хууль зүйн факт буюу үйл баримтыг эцэслэн тогтоох үүрэгтэй. Шүүхийн тухай хуулиар Монгол улсын Дээд шүүх тодорхой тохиолдол буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан эсхүл хуулийг нэг мөр хэрэглээгүй зөрүүтэй хэрэглэсэн тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх эрх хэмжээтэй болсон.
-Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
-Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ. Үүнд:
-Хуульд зааснаар хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.
-Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.
-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.
-Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба ийм хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцуулна.
-Дээр дурдсанаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй гэж үздэг.
-Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй ба тэд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй гэж үздэг.
Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгож үнэлдэггүй. Тиймээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогч, талуудыг заавал биеэр оролцохыг шаарддаггүй.

-Иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд давж заалдах гомдол гаргахад анхаарах асуудал юу байна?
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг \"Гардан авснаас” хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно. Давж заалдах гомдлыг мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргаж өгнө. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд : - Гомдол гаргаж буй шүүхийн нэр хаяг тодорхой байх
- Гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
- Аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа
- Шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаагаа бичих
- Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Мөн давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ. Давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан эдгээр журмыг баримтлаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар шүүх гомдлыг хүлээн авахгүй.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

. . .