-1

Эрх зүйн мэдлэг түгээх сургалт явууллаа

2025-03-21 00:00:00    |   52

Шүүх, Шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Одбаяр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, Эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа болон шүүхийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг Төгрөг, Шарга сумдад томилолтоор ажиллав.

 

Томилолтын хүрээнд Төгрөг, Шарга сумын иргэдтэй уулзаж, шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн, Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд шүүх хэрхэн өөрчлөгдсөн талаар болон эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийн үзүүлэлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт орсон байна.

Сургалтын үеэр өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, өсвөр насны хохирогчийн өртсөн гэмт хэрэг, тоон үзүүлэлтийг тус тус онцлон танилцуулж, эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар зөвлөсөн юм. Мөн сурагчдын дунд электрон тамхи хэрэглэх асуудал их байгааг дурдаад, түүний хор уршгийн талаар харилцан ярилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэснийг сумын иргэд талархалтай хүлээн авч байлаа.

Мөн тус сумдын ахлах ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хуулийн тухай ойлголт, баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө, үндсэн үүрэг, журамт үүргийн талаар болон Захиргааны хэргийн шүүхийн талаарх мэдээллийг хүргэж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Сургалтад нийт 194 иргэн хамрагдсан бөгөөд иргэдэд гарын авлага, брошур тарааж, тэднээс шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулгыг авч ажилласан байна.

 

Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас энэ онд Говь-Алтай аймгийн бүх сумдад ажиллаж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл түгээх ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .