ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-03-14 00:00:00 | 15Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн цахим үйлчилгээний талаарх мэдээлэл авах, цахим үйлчилгээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай уялдуулах боломжийг судлах зорилгоор Говь-Алтай аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэст санал тавьж, хамтарсан уулзалтыг өнөөдөр /2025.03.14/ зохион байгууллаа.
Уулзалтад Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунцэцэг, үйлчилгээний ахлах ажилтан А.Гомбосүрэн нар хүрэлцэн ирсэн ба хэлтсийн талаар товч танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм.
Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ …Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх бүлэг зохицуулалт орж ирсэн. Хуульд зааснаар хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягтаа оршин суудаггүй бол Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулна. Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч тухайн хаягтаа оршин суудаггүй бол төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч хаягтаа оршин суудаггүй асуудал нэлээдгүй тулгарч байна. Иймд иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээх асуудлыг тухайн хэлтэстэй хамтарч шийдвэрлэх арга зам бий эсэх асуудлыг хөндсөн юм.
Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунцэцэгийн зүгээс хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлж, бусад асуултад хариулснаар уулзалтын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР