-1

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙДАГ

2021-11-12 12:03:47    |   70

\"\"
ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙДАГ
“Шүүхийн тамгын газар” нь тус аймаг дахь шүүхүүдийн “Шүүн таслах” ажиллагааны болоод цаг үеийн мэдээ мэдээллийг цувралаар хүргэхээр бэлдсэн билээ. Энэ удаагийн “Тодруулга булан”-гаараа дамжуулан гуравдугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд иргэний хэргийн хувьд ихэвчлэн ямар төрлийн хэрэг шийдвэрлэгдээд байгаа талаарх мэдээллийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ц.Чанцалдуламтай ярилцсан ярилцлагаа иргэд та бүхэндээ хүргэж байна.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны гуравдугаар улирлын “Шүүн таслах ажиллагаа”-ны товч мэдээллийг иргэд, уншигчдад маань хүргэнэ үү. Ямар ямар төрлийн маргаан ихэвчлэн шийдвэрлэгдэж байна вэ?
- Сайн. Сайн байна уу. Алтайн мэдээ сонинг уншиж байгаа нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 404 хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны мөн үетэй харьцуулахад 35.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр нь ангилвал Иргэний хуулиар 126, Гэр бүлийн тухай хуулиар 25, Хөдөлмөрийн тухай хуулиар 29, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар буюу онцгой ажиллагааны журмаар 206, бусад хуулиар 18 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
-Нийт шийдвэрлэсэн хэргийн 50 гаруй хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг эзэлсэн байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу?
-УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020-2021 онд хэрэгжиж байна. Энэ хууль нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчнаар болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгосон хууль юм. Уг хуульд хамрагдаж өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор харьяа нийгмийн даатгалын байцаагчид хандаж зөвлөгөө авч, улмаар мал тооллогын жилийн эцсийн “А” дансанд нэр нь зөрүүтэй бичигдсэн болон аав, ээж, ах, дүүгийн хамт мал маллаж “А” данс нь өөрийн нэрээр бичигдээгүй малчид шүүхээр мал маллаж байснаа тогтоолгохоор хандаж байгаа учраас нийт шийдвэрлэсэн хэргийн 50 гаруй хувийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг эзэлж байна.
-Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж байгаа иргэд анхаарах асуудал юу байгаа вэ?
-Анхаарах асуудлыг хоёр талтай авч үзэх шаардлагатай. Эхнийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжиж хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзаж байгаагаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Нотолж чадсан талд шүүхийн шийдвэр гардаг онцлогтой тул хэргийн оролцогч нарын идэвхтэй оролцоо чухал байдаг. Харин онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх буюу ажилласан байдал тогтоолгох гэх мэт тодорхой төрлийн хэргийн хувьд шүүх өөрийн санаачилгаар холбогдох баримтуудыг бүрдүүлж болдог бөгөөд иргэдийн гаргасан хүсэлтийг түргэн шуурхай, хуулийн хугацаанд шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагуудаас нотлох баримт шаардлагатай тохиолдолд шүүхийн санаачилгаар бүрдүүлж хэргийг шийдвэрлэж байна. Хүсэлт гаргасан иргэдийн хувьд зарим тохиолдолд өөрт байгаа болон өөрөө цуглуулах боломжтой нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, хүсэлт хангагдаж шийдвэрлэгдэхгүй байх нөхцөл байдал бий болдог. Яг энэ цаг үед анхааруулахад Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл 2 сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Шүүх хүсэлтийг хүлээн аваад 60 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай бөгөөд уг хугацаанд шаардлагатай нотлох баримт бүрдүүлж, цуглуулж, уг хүсэлтийг шийдвэрлэдэг тул хугацаа шаардагддаг. Иймд шүүхэд хүсэлтээ гаргасан байгаа иргэд өөрт байгаа болон хайж олох шаардлагатай холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгөх, мөн шүүхэд хандахаар материал бүрдүүлж байгаа иргэд ойрын хугацаанд холбогдох баримтуудаа бүрдүүлэн өгч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа

. . .