СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА
2025-04-18 00:00:00 | 27Говь-Алтай аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Мэргэжил бүхэн сайхан” ажлын байрны танилцуулах аяллын хүрээнд “Эрх зүйч” мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа 12 дугаар ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг өнөөдөр /2025.04.18/ зохион байгууллаа.
Шүүхийн байр, үйл ажиллагааг танилцуулахаас өмнө сурагчдыг зөрчлийн хэргийн нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулсан нь хичээлээр уншиж судалсан мэдлэгээ практикт хэрхэн хэрэгждэгийг харж, мэдэж авснаараа сонирхолтой, ач холбогдолтой байсан юм.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг сурагчдад шүүхийн тухай ойлголт, эрх зүйч мэргэжлийн онцлог, давуу тал, цар хүрээ, ач холбогдол, хуульч мэргэжлээр ажиллахад хувь хүний төлөвшил, ёс зүй чухал шалгуур болдог талаар тайлбарлаж ярьсан бөгөөд сурагчид шүүхтэй танилцахаас өмнө ямар ойлголттой байсан, шүүхтэй танилцсаны дараа ямар сэтгэгдэл төрсөн талаар ярьж, асуулт асууж байлаа.
Мөн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох сурагчдыг албан тасалгаандаа хүлээн авч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, тэдэнд амжилт хүссэн юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР