-1

Ч.Энхтуяа: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 13 ХҮН “ЗОРЬЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” ЭДЛЭХЭЭР БОЛСОН

2021-11-02 15:16:01    |   98


*Аймгийн “Шүүхийн тамгын газар”-ын “Шүүн таслах” ажиллагааны болоод цаг үеийн мэдээ мэдээллийг цувралаар хүргэхээр бэлдсэн билээ. Энэ удаагийн “Тодруулга булан”- гаараа дамжуулан гуравдугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд ямар ямар хэргүүд ихэвчлэн бүртгэгдээд байгаа талаарх мэдээллийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяатай ярилцсан ярилцлагаа иргэд та бүхэндээ хүргэж байна. *
**-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 2021 оны гуравдугаар улирлын байдлаар “Шүүн таслах ажил”-ын товч мэдээллийг иргэд, уншигчдад маань хүргэнэ үү. Ямар ямар төрлийн гэмт хэргүүд их үйлдэгдэж байна вэ? **
-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 141 хүнд холбогдох 107 эрүүгийн хэрэг шинээр хүлээн авч, 118 хүнд холбогдох 88 хэрэг хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэргийн хувьд 16 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Нийт 92 хүн ял шийтгүүлсэн бол үүнээс 17 хүн хорих ял шийтгүүлснээс өсвөр насны 4 хүүхэд байна. 62 хүнд 110,700,000 (нэг зуун арван сая долоон зуун мянган төгрөг”-ийн торгох ял оногдуулсан бол 5 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 8 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан. Өсвөр насны нэг хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 16 хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэн, албадлагын арга хэмжээг авлаа. Гэмт хэргийн улмаас 82 иргэн, 10 төрийн байгууллагад 141,025,024 (нэг зуун дөчин нэгэн сая хорин таван мянга хорин дөрөв төгрөг)-ийн хохирол учирсан. Эхний 3 улирлын байдлаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хамгийн их үлдэгдсэн буюу нийт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 38.6 хувийг дангаараа эзэлж байна. Ер нь жил бүр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хамгийн их үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэгддэг. Энэ жилийн тухайд “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” өссөн байгаа бол цахим орчинд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг” өсөх хандлагатай байгаа. Зөрчлийн хэргийн хувьд 224 хүнд шийтгэл оногдуулснаас 50 хүнд 6,695,000 төгрөгийн торгох шийтгэл, 174 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байгаа тул өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг нийт иргэддээ уриалмаар байна.
**-Гэмт хэргийн төрлийн хувьд шинээр нэмэгдсэн хэрэг байгаа юу. Энэ жил “Өршөөлийн хууль” гарсан шүү дээ. “Өршөөлийн хууль”-д хэдэн хүн хамрагдсан бэ? **
-2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид шинээр “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг” хуульчлагдсан. Энэ нь иргэдийн зүгээс Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон гэсэн үг. Тухайлбал: Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн гэмт хэргийн улмаас олсон орлогыг хурааж, ял оногдуулдаг бөгөөд одоогийн байдлаар 10 хүнд тухайн гэмт хэргийг үйлдсэн тул холбогдох ял шийтгэлийг оногдуулж ажилласан. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжсэн. Уг хуулийн хүрээнд шүүхийн шатанд 40 ялтан өршөөлд хамрагдсанаас хорих ял шийтгүүлсэн 5 ялтны эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаалах ялаар сольсон бол хорих болон торгох ялтай 5 этгээдийн эдлээгүй үлдсэн ялаас хуульд заасан хэмжээ /2 жил/-ээр өршөөн хасч 30 ялтныг эдлээгүй үлдсэн ялаас нь өршөөн хэлтрүүлж, Зөрчлийн хэрэгт 5 холбогдогч баривчлах шийтгэлийн эдлээгүй үлдсэн нь шийтгэлээс чөлөөлөгдсөн.
**-Хэрэгтэнд зорьчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан гэж байгаа шүү дээ. Энэ ял шийтгэлийг талаар тодорхой мэдээлэл өгөөч? **
-Мөн энэ жилийн хувьд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэдэг. “Зорчих эрхийг хязгаарлах ял” хэрэгжиж эхэлсэн. Эхний 3 улирлын байдлаар нийт 8 хүнд тус ялыг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 5 ялтны хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, нийт 13 хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээр болсон. Аймгийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ял амжилттай хэрэгжиж байна.
**-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье? **
-Баярлалаа

. . .