-1

“БИД ЧАДНА” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-18 00:00:00    |   17

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан 20 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан тус аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд “Бид чадна” танин мэдэхүйн тэмцээнийг өнөөдөр /2024.11.15/ амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээн нь сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжил сонгоход туслан чиглүүлэх, сурах идэвх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд 5 сургуулийн 25 сурагч хамрагдсан юм.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах сурагчдад амжилт хүсэж үг хэлсэн ба төрийн дуулал эгшиглүүлснээр тэмцээнийг нээсэн юм.

Тэмцээнийг нийт 5 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд багууд мэндчилгээг бэлтгэхдээ одоогийн нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, бүтээлч, шинэлэг хэлбэрүүдээр үзүүлбэр үзүүлснээрээ онцлогтой байлаа.

Ингээд багийн нийлбэр дүнгээр Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн хошой соёрхолт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Жавхаа” баг тэргүүлж, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн “Дэнс” баг 2 дугаар байрт,

Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн “Бид чадна” баг 3 дугаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье!

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .