-1

Захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй

2023-03-06 09:07:53    |   83

Захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй
 
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар:  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 112/ШЗ2023/0023
Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дүгээр сарын 01, Дугаар 1
Тоймын төрөл: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тойм
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 

         Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд   олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно 
 
           2020 оны 08 сарын 21-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банк, аймгийн Засаг дарга нарын хооронд  “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээгээр Солонго 1-р байр болон Солонго 2-р байрыг зээлээр худалдсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрээнд заасан үнийг хуваарийн дагуу төлж байгаа болно. 

           2019 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 74 дүгээр тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд “Хөгжлийн банкинд төлөгдөх зээлийн хүүгийн төлбөр болох 1,435,684.993 төгрөгийг улс орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрээс төлж барагдуулахыг аймгийн Засаг даргад даалгасугай” гэжээ. 
 
               Засаг даргаас энэ тогтоолыг эс зөвшөөрч, шүүхэд маргасан. Үндэслэлээ “Улс орон нутгийн төсвийн тухайд Говь-Алтай аймаг өөрөө төсөв бүрдүүлэгч бус улсын төсвөөс татаас авдаг аймаг. Энэ нь орон нутгийн төсвөөс гаргах ямар ч боломжгүйг  харуулж байна. Мөн Улсын төсвийг аймаг баталдаггүй бөгөөд саналаа л хүргүүлдэг. Ийм учраас улс орон нутгийн төсвөөс гаргах боломжгүй тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 74 дугаартай тогтоол нь хэрэгжих боломжгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэжээ. 
 
                Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдсэн. 
         
             Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 2019 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.  Тухайн актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байхад 2022 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд маргах эрхээ алдсан байна. 
 
              Аливаа захиргааны байгууллагын шийдвэрийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд тухайн сөрөг үр дагавар үүслээ гэж мэдсэн үеэс эхлэн 30 хоногийн дотор шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаа өнгөрсөн бол маргах эрхгүй. 
 
 
 
Тойм бичсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Э.Золбадрах 

. . .