ДҮҮГИЙНХЭЭ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-02-28 11:47:56 | 80Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн тойм: 2023.02.15
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Прокуророос иргэн З-г “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар, шүүгдэгч З нь согтуурсан үедээ, өөрийн төрсөн дүү Л-тэй хийж байсан барилгын ажлаасаа үүдэлтэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа мах идэж байсан хутгаараа түүний цээжний зүүн талд 1 удаа хутгалан амь насыг хохироожээ.
Түүнчлэн, шүүгдэгч З нь урьд өмнө нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, тухайн өдөр амь хохирогч Л нь хийх ажлаасаа үүдэлтэйгээр агсамнаж согтуурахсан, шүүгдэгч, гэрчүүдийг хараалын үгээр дайрч доромжилсон, барьж байсан барилгын ажлын зургаараа шүүгдэгчийг цохисон үйл баримт тогтоогджээ.
Шүүхээс, шүүгдэгч З-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, амь хохирогчийн ар гэрээс хохирол нэхэмжлээгүй зэрэг болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох нөхцлийг харгалзан 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн...” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заасан, энэ тохиолдолд шүүгдэгч З урьд өмнө нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь “хүнийг алах” гэмт хэргээс өөр бүлэгт хамаарах тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүхээс дүгнэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Тойм бичсэн: Говь Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа
. . .