-1

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨӨРИЙНХӨӨ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛЫГ ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ТУХАЙН ШИЙДВЭРТЭЙ МАРГАХ БОЛОМЖОО АЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ЮМ

2021-11-18 15:12:08    |   86

\"\"

Шүүхийн тамгын газар нь цаг үеийн мэдээ мэдээллийг уншигчдад маань мэдээлж байхаар манай агентлагтай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн”Тодруулга” булангийн зочноор Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгийг урин оролцуулж ярилцсан юм.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ямар хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг вэ?

-Сайн. Сайн байна уу. Алтайн мэдээ сонины нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Захиргааны шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг шүүх юм. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд тус шүүхэд захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргадаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргаж тус шүүхээр шийдвэрлүүлнэ. Тухайлбал: Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Нийгмийн даатгалын байцаагч гэх мэт.

-Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахад юуг анхаарвал зохих вэ?

- Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэн хамгаалуулах боломж нь Захиргааны хэргийн шүүх юм. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлээ буруу бичиж, шаардлагаа буруу тодорхойлж цаг хугацаа алдах тохиолдол иргэдийн дунд элбэг байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хуульд заасан шаардлага хангасан байдлаар бүрэн, тодорхой бичих нь чухал. Учир нь: Шүүх иргэн, хуулийн этгээд болон захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэл, түүнд тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэдэг тул шүүхэд хэрхэн мэдүүлэх талаар тэдэнд зөвлөгөө өгч болдоггүй. Тодруулан хэлэхэд иргэд маань эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тал дээр сайн ойлголтгүй байдаг. Эс үйлдэхүй гэдэг нь Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Жишээлбэл: шийдвэрлэхгүй орхигдуулсан гэдэгт тэтгэвэр тэтгэмжийг тогтоох хугацааг хэтрүүлэх, зогсоох, түр зогсоох ойлголт юм.

- Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар мэдээлэл өгөөч.

-Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл тухайн шийдвэрийг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд, хэрэв харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргана. Харин тухайн шийдвэрээ мэдэгдэх нь захиргааны байгууллагын үүрэг юм.

-Сүүлийн жилүүдэд ямар төрлийн маргаан зонхилон шийдвэрлэгдэж байна вэ?

Ер нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн жилд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой маргаан ихэсдэг. Үүнд: анхдугаар хуралдаан, Засаг даргыг томилох, чөлөөлөх гэх мэт. Мөн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх явдал нэлээд гардаг. Хэрэв тухайн төрийн албан хаагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд түүнийг тухайн албан тушаалаас чөлөөлөх нь зүйн хэрэг боловч хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлөх, халах нь дийлэнх байна. Төрийн албаны маргааны тухайд эрх нь зөрчигдсөн этгээд Төрийн албаны зөвлөлд хандан тухайн актыг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон тохиолдолд акт үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болно. Хуульд зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд тухайн актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй буюу үргэлжилж байхыг шаардна. Нэгэнт захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тухайн акт хүчингүй болсон энэ тохиолдолд шүүхээс актыг дахин хүчингүй болгох боломжгүй, даалгах буюу эс үйлдэхүйн шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах боломжгүй гэдгийг иргэд маань ойлгоосой. Тэгэхлээр аливаа захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан актын биелэлтийг шүүхээс хариуцан гүйцэтгэх үүрэггүй байна. Харин төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд заавал Төрийн албаны зөвлөлд хандсан байхыг шаардахгүй.

-Таны бодлоор иргэдийн дунд Захиргааны хэргийн шүүхийн талаарх ойлголт хэр байна бэ?

-Нэг үеэ бодвол иргэдийн эрх зүйн боловсрол дээшилсэн захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийг хянадаг шүүх байдаг гэдгийг иргэд ойлгодог болсон. Жишээ нь: Хөдөөний малчин иргэн манай өвөлжөө хаваржааны газрыг хүчингүй болгосон, өөр хүнд эзэмшүүлсэн байна энэ хууль бус шийдвэрийг хянадаг хүчингүй болгодог шүүх байдаг хаана байна гээд сураад ороод ирэх жишээтэй. Хэдэн жилийн өмнө бол захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан цөөн байсан бол одоо харьцангуй маргааны төрөл хэргийн тоо хэмжээ өсөж байгаа нь иргэд захиргааны хэргийн шүүхийн талаарх ойлголт, мэдлэг сайтай болсоны илрэл юм. Иргэн, хуулийн этгээд өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдсөн гэж үзвэл тухайн шийдвэртэй маргах боломжоо алдахгүй байх нь чухал юм.

-Манай Алтайн мэдээ сонины уншигчдад мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

. . .