-1

“АХМАДАА СОНСЪЁ” УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-12-22 00:00:00    |   106


Говь-Алтай аймгийн шүүхийн түүхийг бүтээлцэж, шүүхийнхээ нэрийг эрхэмлэн зүтгэж явсан ахмадууд шүүхийн байранд зочлон ирж, ажил, амьдралын туршлагаа хуваалцан, шүүгч, ажилтнуудын асуултад хариулж, харилцан ярилцсан уулзалт 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо.


Тус уулзалтыг Шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан ба уулзалтад ахмад шүүгч Ц.Нанжид, шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан ахмад Ж.Ганболд нар урилгаар оролцож, хамт олондоо өөрсдийн ажил, амьдралын түүхэн замналыг хүүрнэн өгүүлж, сэтгэлийнхээ сайхан үгсийг хэлсэн юм.


Уулзалтыг нээж, салбар зөвлөлийн тэргүүн, ахмад шүүгч Д.Сарантуяа хэлсэн үгэндээ “… Шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/13 дугаар тогтоолыг үндэслэн энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.” гэдгийг дурдаад тус уулзалтыг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулж, урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмад шүүгч, ажилтан болон уулзалтад оролцож байгаа шүүгч, ажилтнуудад талархал илэрхийлэв.


Ахмад шүүгч Ц.Нанжид: 1940 онд Говь-Алтай аймгийн шүүх анх шүүхийн дарга, орлогч дарга, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга, галч, зарлага гэсэн 6 орон тоотой байгуулагдаж, конторын барилгагүй, 4 гэртэй, нормын уналгын 4 морь, 3 тэмээтэй ажиллаж эхэлсэн ба шүүхийн дарга, орлогч нар морь, тэмээгээр сумдад явж хэрэг шийдвэрлэдэг байсан талаар яриагаа эхлүүлсэн юм. 


Тэрээр тухайн үед нүүдлийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч нарыг “морьтой шүүгч” хэмээн нэрлэж байсан талаар дурсаж, шүүгчдийн нэрсийг бүх хөдөлмөрчдийн хурлаар хэлэлцүүлж, нууц санал хураалт явуулан сонгож, сонгогдсон шүүгчдийг аймгийн чуулганаар баталгаажуулдаг байсан тухай, намын гишүүнтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд намын хорооны товчоогоор заавал урьдчилан хэлэлцүүлсэний дараа шүүх шийдвэрлэдэг журамтай байсан талаар сонирхолтой түүхэн баримтуудыг дэлгэн ярьсан юм.


Мөн Говь-Алтай аймгийн шүүх түрээсийн 3 байр дамжин үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаад 2008 онд өөрийн гэсэн байртай болж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдсэнд шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад Ж.Ганболдын оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэл ихээхэн нөлөөлсөн гэдгийг хэлж, талархалтай байдгаа илэрхийллээ. 


Ингээд дурсамж ярианыхаа төгсгөлд “… шүүхийн хамт олон эв нэгдэлтэй байхад шүүхийн нэр хүнд өндөрт байна. Шүүгч хүн ёс суртахуунтай байх ёстой. Танилын талд нийцдэггүй, таваг нь хазайдаггүй дэнс мэт шударга ёсыг сахьж, шүүх эрх мэдлийг шударгаар хэрэгжүүлэхийг хүсье” гэв.


Ахмад ажилтан Ж.Ганболд: Шүүгч хэмээх нэр хүндтэй, амаргүй, сэтгэл-оюуны хат шаардсан ажлыг 6 жил гүйцэтгэж, тухайн үед шүүгчийн ажлын анхны суурийг тавьж өгсөн, ажлын дадлага туршлагатай, хийж бүтээх их эрмэлзэлтэй ахмад болон дунд үеийн төлөөллүүдтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж байснаараа бахархаж явдагаа илэрхийлснээр яриагаа эхлүүлсэн юм. 


Тухайн үед шуудангийн ГАЗ-53 машин дээр сууж, нүүрсний машинд ч сууж сумдад нүүдэллэн ажиллаж байсан ба хөдөө сумдад очоод намын үүрийн дарга, сум нэгдлийн дарга, хүний их эмч, бусад нэгдлийн машин тэрэг бригадуудад хэзээ явахыг нь сураглаж, тэдний машинд дайгдаж төрийн ажлыг гүйцэтгэдэг байсан талаар дурсан, “Аливаа ажил хамтын дэмжлэгээр бүтдэг шүү, явагдаж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтарч оролцож байгаарай” хэмээн захьсан юм.


Уулзалтад тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон ба цаашид ахмадын салбар зөвлөлтэй хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлж байлаа.


Ийнхүү уулзалтын төгсгөлд Шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, ахмад шүүгч Д.Сарантуяа уригдан ирсэн ахмад шүүгч Ц.Нанжид, ахмад ажилтан Ж.Ганболд нарт салбар зөвлөлийн нэрийн өмнөөс дурсгалын зүйл гардуулж, цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөснөөр уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

. . .