СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА
2024-11-18 00:00:00 | 14
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан 20 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсээр байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд “Бид чадна” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус тэмцээнд оролцох сурагчдыг өнөөдөр /2024.11.13/ шүүхийн байранд хүлээн авч, тэмцээний талаар мэдээлэл хүргэх, шүүхийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний эхэнд сурагчид Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд ажиглагчаар сууж, хуралдааны үйл явцтай танилцаж, хуралдаан хаасны дараа даргалагч шүүгчээс сонирхсон асуултаа асуусан нь сурагчдад сонирхолтой байлаа.
Үүний дараа тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг шүүхийн тухай ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэргийн шүүхийн түүхэн замнал, танилцуулга болон шүүхийн үйл ажиллагааны талаар цахимаар хэрхэн мэдээлэл авах боломжтой байдаг талаар танилцуулж, дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Мөн танин мэдэхүйн тэмцээний зохион байгуулалт, сэдвийн хамрах хүрээ болон бусад чиглүүлэх мэдээллийг сурагчдад хүргэсэн юм.
Ерөнхий шүүгч Э.Золбадрах эрх зүйч мэргэжлийн онцлог, давуу тал, цар хүрээ, ач холбогдол, хуульч мэргэжлээр ажиллахад хувь хүний төлөвшил, ёс зүй чухал шалгуур болдог талаар тайлбарлаж, сурагчдын асуусан асуултад хариулж, тэдэнд амжилт хүслээ.
Ингээд сурагчдыг шүүхийн байр, орчин нөхцөлтэй танилцуулснаар арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн юм.
Арга хэмжээнд сурагчдаа оролцуулах ажлыг зохион байгуулсан багш нар, цаг гарган хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн идэвхтэй оролцсон сурагчдадаа талархал илэрхийлье.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР