-1

Өмч хамгаалах байнгын зөвлөл бие даасан захиргааны байгууллага биш

2023-05-19 10:51:33    |   86


Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Говь-Алтай  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШЗ2023/0073
Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 15, Дугаар 4
Тоймын төрөл: Процессын тойм
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
 Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд   олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно 
           Аймгийн Татварын хэлтсийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүд шүүхэд хандаж,   аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/153 дугаар Газар эзэмших эрхийг дуусгавар болгох, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 
            Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 
          Татварын хэлтсийн өмч хамгаалах зөвлөл нь төрийн өмчийг үрэгдүүлэх, үнэгүйдүүлэх, чанар байдлыг доройтуулах, эвдэж гэмтэх зэрэг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, бүртгэл, ашиглалтад хяналт тавих, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй дотоодын хяналтын ажлын хэсэг байх бөгөөд уг ажлын хэсгийг аймгийн Татварын хэлтсийг даргаар тушаалаар байгуулсан байна. 
            Захиргааны шүүхэд иргэн, хуулийн этгээд өөрийн эрх зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, харин захиргааны байгууллага нэхэмжлэл гаргахын тулд хуулиар тухайн асуудлаар маргах эрхийг олгосон байх, мөн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд шүүхэд маргах эрхтэй болдог.
 Өмч хамгаалах байнгын зөвлөл нь бие даасан захиргааны байгууллага биш тул захиргааны байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхийг ямар нэгэн хуульд тусгайлан заагаагүй байна.
Иймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэв.
           
Тойм бичсэн:  Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах 
 

. . .