-1

Өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохгүй

2023-02-10 10:48:12    |   103

Өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалд тооцохгүй 

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 16, Дугаар 1
Тоймын төрөл: Магадлалын тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр          дугаар 2022/ДШМ/33
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. /Хаалттай шүүх хурал/

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.” 

          Анхан шатны шүүх шүүгдэгч Н-г насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ, хохирогчийн өмгөөлөгчид төлсөн, ажлын хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж  шүүгдэгчээс  гаргуулахаар шийдвэрлэжээ. 
          Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад гэрээний дагуу эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн ажлын хөлс 8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. 
         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “томилогдсон өмгөөлөгч” буюу хуульд заасан тодорхой нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулж үздэг.
          Хохирогч өөрийн эрх ашигаа хамгаалуулахаар гэрээний дагуу сайн дураар,  өмгөөлөгчид төлсөн ажлын хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна. 

Тоймыг бэлтгэсэн: Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох

. . .