Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулсан байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
2021-12-10 14:39:29 | 82Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар дэмжсэн “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан” ажиллаж эхэлсэн билээ.
Тус цахим санд журамд заасныг баримтлан шүүхийн шийдвэрүүдийг нийтэлдэг ба энэ чиглэлээр Шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг 2021.12.10-ны өдөр шүүгчийн туслах Ч.Энхтуяа холбогдох ажилтнуудад танилцууллаа. Хагас жилтэй харьцуулахад бүтэн жилийн байдлаар алдаа зөрчилгүй ажилласан үр дүнтэй байна.
Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах, шүүгч, эрдэмтэн, багш, судлаач, шинжээч, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилготой юм.
Уг цахим санд 2011 оноос хойших нийт анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол байрлах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой. Мөн нийт шүүхийн цахим хуудас, и-мэйл хаяг, утас, факсын мэдээлэл авч болох бөгөөд шүүх хуралдааны зар, тойм зэргийг үзэх боломжтой байдаг.
. . .