ЭМГЭНЭЛ
2021-03-14 17:14:09 | 93БАМБАРЫН БААСАНХҮҮ / 1951-2021 /
Бидний дотнын хүн, Монгол Улсын Шүүхийн тэргүүний ажилтан сурган хүмүүжүүлэгч Бамбарын Баасанхүү 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, хүй цөглөсөн Их Алтай нутгийн зон олон, Монгол Улсын хууль шүүхийн байгууллагад нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Бамбарын Баасанхүү 1951 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хантайшир, Хар азаргын нуруу, Бурхан буудай, Ентүм хайрхандаа сүслэн амьдрах хувь төөргийн ерөөлийг олон Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг Ентүм хайрханы өвөрт малчин ард Бамбарын хоёр дахь хүү болон мэлмий нээжээ.
Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, 1959 онд Халиун сумын Бага сургуулийн анхны сурагчаар элсэж, улмаар Архангай аймаг дахь Багшийн сургууль, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн ангийг тус тус төгсөн мэдлэгийн сангаа боть, ботиор зузаалсан мэргэжилдээ дадсан сэхээтэн болж төлөвшсөн байна.
Ажил, амьдралын гараагаа төрөлх Халиун сумын Бага сургуулиас эхлүүлж, нэг жил Бага ангийн багшаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, Дорноговь аймгийн Хилийн цэргийн ... дугаар ангид алба хаажээ.
Эх орныхоо хилийн манаанд үүрэгт албаа нэр төртэй хааж ирээд 1974-1993 онуудад Халиун сум, Алтай хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны нарийн бичгийн дарга, Аймгийн Захиргааны Төлөвлөгөөний Комиссод мэргэжилтэн, аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга, Ерөнхий арбитрч, 1993 оноос 2005 онуудад Говь-Алтай аймгийн Шүүхийн Ерөнхий шүүгч, 2005 оноос 2012 онуудад Өвөрхангай аймгийн Шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус дэвшин ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм.
Бамбарын Баасанхүү нь 1992 онд Шинэ үндсэн хууль батлагдан гарч, улс орон даяар ардчилсан нийгэмд шилжин шинэ үндсэн хуульд заасны дагуу шүүхийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн эрх зүйн шинэ орчин, нийгмийн зорилго зарчимд нийцүүлэн ажиллах болсон үеэс эхлэн хууль шүүхийн байгууллагад үр бүтээл, тогтвор суурьшилтай ажилласан, үлгэрлэн дуурайх төлөв төвшин, ноён нуруутай, зарчимч, хатууг зөөллөж харьцах онцгой чадвартай эрхэм үйлст хүмүүн байлаа.
Эрхэм хүмүүний сэтгэл, зүтгэлээ зориулж, төр захиргаа, хууль шүүхийн байгууллагад оруулсан хувь нэмрийг Төр, засгаас өндрөөр үнэлж:
-Монгол Улсын Шүүхийн тэргүүний ажилтан;
-Хууль зүйн тэргүүний ажилтан;
-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг;
-Хөдөлмөрийн хүндэт медаль;
-Ардын хувьсгалын ойн медалиуд
-Алтан гадас одон;
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна.
Талийгаачийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан хууль шүүхийн байгууллага үнэн худлыг мөнхөд дэнсэлж, хүнлэг, тайван, дөлгөөн сайхан чанар тань, ажлын хамт олон, Алтай нутгийн элгэн олны сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .