Хураангуй бэлтгэсэн:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн
Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2024 оны 02 дугаар сарын 01, Дугаар 1
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Г, С, Ө нараас улсын байцаагч нарын төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын байцаагч нараас төлбөр тогтоосон актыг баталгаажуулах хүсэлтийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.
Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээд шатны захиргааны байгууллагаас 1 актыг өөрчлөн дахин гаргахыг улсын байцаагч нарт үүрэг болгожээ.
Иймээс дээрх актуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч нараас эд хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, дутагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нараар нөхөн төлүүлэх акт үйлдсэн байдаг.
Бараа материалыг зохих журмаар худалдан авч тайланд тусгасан, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлтээр акталсан байхад “Өмч хамгаалах байнгын зөвлөл нүдээр үзэж баталгаажуулсан нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй...” гэж, ажилтнуудын шаардах хуудсаар авч хэрэглэсэн бичиг хэргийн хэрэгслийг “...зарцуулаагүй байх магадлалтай” гэж, эд хөрөнгийн тооллогын зөрүүтэй дүнг хянаж нягтлаагүй, зарим дутагдуулсан гэх хөрөнгийн талаар түүвэрчлэн шалгалгүй дүгнэлт хийж төлбөрийн акт тогтоосон нь холбогдох хуульд нийцээгүй тул уг улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нарын ажилладаг байгууллага эд хөрөнгийн тооллогоо хийж дутагдуулсан хөрөнгийн тооцоо гаргасан байх бөгөөд зөөврийн компьютер, ажилтнуудын хэрэглээний хөрөнгө дутсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч зөөврийн компьютерыг дутагдуулсанаа хүлээн зөвшөөрч маргадаггүй, мөн хэрэглээний хөрөнгө нь актлах дөхсөн, хуучин эд байсан гэж тайлбарладаг. Иймээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн