Хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар шийдвэр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2024 оны 12 дугаар сарын 16, Дугаар 10

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.  

 

      Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 00005 дугаар шийтгэлийн хуудсаар “Б” ХХК нь барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 мянган нэгж буюу 5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

      Гомдол гаргагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “ Манай компани бетон зуурмагийн тохирлын гэрчилгээгээ авахын өмнөх шатны бүх үйл ажиллагааг явуулж байсан үед байцаагч тусгай зөвшөөрөлгүй байна гэдэг үндэслэл дээр зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулчихсан, мөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж, хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас: “...2024 оны 08 сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн.

      Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэг болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргаанаас авсан тодорхойлолтуудын дагуу торгуулийн хуудас тавьсан.” гэж тус тус маргадаг.

      Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь тухайн компанийг барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, бетон зуурмагийн технологийн зааврыг батлуулалгүй барилгын ажилд нийлүүлэх зөрчил гаргасныг шалган тогтоосон хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

      Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх нийт хугацаа 58 хоног байх бөгөөд прокуророос зөрчлийн хэргийн хугацааг сунгаагүй нөхцөлд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг 28 хоногт шалган шийдвэрлэх зохицуулалттай байна. 

      Зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд, хариуцагч улсын байцаагч 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байх бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудас бичсэн нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүргэсэн байна.

             Иймээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

             Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.