АРХИДАН СОГТУУРЧ БАЙХДАА НАЙЗУУД НЭГНИЙГЭЭ БУУДАЖ ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

Шүүхийн нэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шийтгэх тогтоолын огноо, дугаар: 2024 оны 06 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/90

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.” 

Шүүгдэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г аймгийн Б сумын -р багийн нутаг дэвсгэр Ү гэх газарт М.Б-ын гэрт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.С толгой руу нь ТОЗ-8 загварын буугаар буудаж түүний биед толгойд нь сум орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал буюу хүнд зэргийн гэмтэл учруулжээ.

Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд галт зэвсгээр үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан тархины гэмтэл түүний үлдэц хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж шийдвэрлэв.

Хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол, сэтгэцэд 4 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан байна. Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 4 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23(хорин гурав) дахин нэмэгдүүлснээс 45,99(дөчин тав зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. 

Иймд хохирогчид учирсан гэмтэл хор уршиг, үлдэц, эдгэрэлт, хохирогчийн насны байдлыг харгалзан Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 44(дөчин дөрөв) дахин нэмэгдүүлж хохирогч Б.С сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 29,040,000 (хорин есөн сая дөчин мянга) төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.