УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-01-14 17:33:12 | 157
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, үр дүнгийн мэдээг харилцан солилцоно.
Ийнхүү 2023 оны ажлаа дүгнэх, 2024 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах, шүүгч, ажилтнуудаас шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан санал хүсэлтийг сонсох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр /2024.01.15/ уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч Б.Мөнхнасан 2023 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулж, асуусан асуултад хариулав.
Тус уулзалтад эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нар оролцож, шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудлуудын талаар саналаа илэрхийлж, харилцан ярилцлаа. Тухайлбал, Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаа бөгөөд үүний цаана цаг хугацаа алдах тусам хэргийн оролцогчдын хувьд материаллаг хохирол өсөж байдаг үр дагавартай байдаг гэдгийг илэрхийлсэн байна.
Уулзалтын төгсгөлд 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, хэрэгжүүлэх ажлын саналуудыг нэмж, баталлаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР