ЗАСАГ ДАРГА НЬ ТӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУВЬД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЧАНД САХИН БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ
2023-07-24 19:41:05 | 100Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2023 оны 06 дугаар сарын 28, Дугаар 7
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Т сумын Засаг даргын 2022 оны Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Т нь багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан байна.
Хариуцагч сумын Засаг дарга нэхэмжлэгчийг удаа дараа хууль тогтоомж зөрчсөн гэж, нэхэмжлэгчээс би албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ямар нэг алдаа дутагдал гаргаагүй, би ажлын бус цагаар архи ууж, машин жолоодсон гэж маргадаг.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн.
Засаг дарга бол тухайн засаг захиргааны нэгжийн хувьд төрийн төлөөлөгч бөгөөд уг нэгждээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах бүрэн эрхтэй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг дарга нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах үүрэгтэй байна.
Гэтэл багийн Засаг дарга өөрөө дээрх чиг үүргээ үл хайрхан согтуугаар машин жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан төдийгүй уг зөрчлийг дахин үйлдэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 7 хоног баривчлах шийтгэл хүлээсэн байна.
Мөн Төрийн албаны хуульд зааснаар Засаг дарга нь төрийн улс төрийн албан хаагч бөгөөд энэ хуульд заасан үүргийг үл биелүүлж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчимд үл нийцэх үйлдэл гаргажээ.
Иймээс удаа дараа хууль зөрчсөн багийн Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн хариуцагч сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн