“МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ШҮҮХ” УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021-12-20 15:53:59 | 80Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс шүүх болон шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд үнэн бодитоор хүргэх, иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллах талаар харилцан санал солилцох зорилгоор “Мэдээллийн эрх чөлөө ба шүүх” уулзалт-ярилцлагыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх “Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Тус аймагт үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болох “Их Алтайн мэдээ” сонины эрхлэгч Г.Заяа, менежер-сэтгүүлч Э.Даваажаргал, сэтгүүлч Т.Балхаажав, “Алтай” радиогийн сэтгүүлч-редактор Ч.Дэлгэрмаа, “Алтай” телевизийн сэтгүүлч О.Отгонбаяр нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалт-ярилцлагад эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүхийн захиргааны бусад ажилтнууд оролцсон юм.
Уулзалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нээж, уулзалт-ярилцлагад оролцогчдыг танилцууллаа.
Үүний дараа сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх хууль тогтоомж, журмын зохицуулалтын талаар танилцуулж, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем болон шүүхийн шийдвэрийн цахим сангаас хэрхэн мэдээлэл авах талаар тайлбарлаж, олны анхаарал татсан хэргүүдийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн зөрүүтэй мэдээлэл түгээсэн талаар мэдээлэл өглөө.
Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар тус бүр санал сэтгэгдлээ илэрхийлж, сэтгүүлч нарын сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцлоо.
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболдын зүгээс шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр төсөв байдаггүйг дурдаад иргэдэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэх талаар харилцан тохиролцож, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах нэг зорилгын төлөө хамтарч ажиллахыг санал болгож, уулзалт-ярилцлагын төгсгөлд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд энэхүү уулзалт-ярилцлагыг зохион байгуулсанд талархаж, цаашид хамтран ажиллахад татгалзах зүйлгүйг илэрхийлж байлаа.
Мөн тэдний зүгээс шүүхийн сэтгүүл зүйн чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулсан тохиолдолд хамрагдах хүсэлтэй байгаа ба сэтгүүлч нарын дунд арга хэмжээ зохион байгуулбал идэвхтэй хамрагдахаа илэрхийлсэн юм.
Уулзалт-ярилцлагыг хааж, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд хэлсэн үгэндээ шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын уялдаа холбоо бэхэжсэн, иргэд үнэн бодит мэдээллээр хангагдсанаар асуудалд бодитоор хандаж, зөв үнэлэлт өгөх боломж нээгддэг болохыг онцолж, халуун дулаан уур амьсгалтай, үр дүнтэй уулзалт-ярилцлага боллоо гэдгийг дурдаад уулзалт-ярилцлагад оролцогчдод талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .