Сургалт зохион байгууллаа.
2021-06-21 11:47:34 | 80Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам” тус тус батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.
Тус Шүүхийн тамгын газраас дээрх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр /2021.06.21/ шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн орцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэг бүхий Цагдаагийн алба хаагчдыг байлцуулан сургалт зохион байгууллаа.
Сургалтыг тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд нээж, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа удирдаж, дээрх 2 журмыг өмнөх журамтай харьцуулсан харьцуулалт болон шинээр журамлагдсан зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Үүний дараа сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа дээрх чиг үүргийг хэрэгжүүлэгч алба хаагчдаас асуулт асууж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлсон юм.
Сургалтын төгсгөлд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн хэлсэн үгэндээ “Журам шинэчлэгдэн батлагдаж хэрэгжүүлэхэд эргэлзээтэй, тодорхойгүй асуудал гарч ирдэг учраас ийнхүү сургалт орж, харилцан ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх нь зөв байдаг” гэдгийг дурдаад үйл ажиллагаандаа анхаарч, өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлбэл зохих асуудлуудыг тодорхойллоо.
Тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, хошууч Л.Гантулга шинээр батлагдсан журмуудыг уншиж, үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх талаар алба хаагч нартаа чиглэл өгч, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
. . .