АЛБАН ТУШААЛТАН АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХДЭЭ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дүгаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийдвэр

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

 

Тоймын огноо, дугаар: 2024 оны 10 дугаар сарын 01, Дугаар 07

 

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

            Иргэн Ч.Г нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

          Хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.Г-г Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албан эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан, эхнэрээ хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан, ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан гэж дүгнэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

          Харин шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

       Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албаны  эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан, эхнэрээ  хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан зэрэг нь тогтоогдож энэ үйлдүүд нь хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн   байна.

Улаанбаатар хотод сурч байсан оюутан Ж.Х-г сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилж, огт ажиллаагүй хүнийг ажилласнаар цаг бүртгэж 11, 12 сард цалин олгож, олгосон цалингаа Ж.Х-с буцаан авч өөр зүйлд зарцуулсан нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасныг зөрчсөн,

          Мөн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэртэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулан цалин олгосон, хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж эхнэрээ ажилд томилсон, урамшуулал олгосон, хөнгөлт үзүүлсэн байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

          

Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.