Хураангуй бэлтгэсэн:
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа
Шүүхийн нэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/132
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тойм бичсэн огноо: 2024.05.15. Процессын хураангуй-2
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Н, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.С, Ц.А, 21.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товложээ.
Шүүгдэгч Л.Н-н өмгөөлөгч Л.Б нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг уг дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн мэдэгдэх хуудасны хамт ирүүлж, өөрөө цахимаар оролцож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...шүүх хуралдаанд оролцвол зохих тал ирээгүй...”, 1.4-д “...хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон...” бол шүүх хуралдааныг хойшлуулахаар, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна” гэж зохицуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.20 дахь хэсэгт “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг ойлгоно гэж тайлбарлажээ.
Иймээс шүүх хуралдаанд оролцвол зохих тал болох шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааны танхимд ирээгүй тул түүний өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, яллах болон өмгөөлөх талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09:30 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, шүүхийн дуудсан цагт ирэх үүргээ биелүүлсэн тул улсын яллагчийн “...шүүгдэгч нарыг цагдан хорих...” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа