Хураангуй бэлтгэсэн:
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах
Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2024 оны 04 дүгээр сарын 30, Дугаар 5
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Б нь Есөнбулаг сумын Засаг даргад холбогдуулан Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргыг хууль бус түр орлон гүйцэтгэгч томилж хууль зөрчсөнийг тогтоолгох, Н-ийг Наран багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Есөнбулаг сумын Наран багийн иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт Наран багийн иргэдийн 55.1 хувийн саналыг авч Наран багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаар тогтоолоор Б-ийг Наран багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн.
Харин Есөнбулаг сумын Засаг даргаас Наран багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаартай тогтоолоор багийн Засаг даргад Б-ийг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлсэн саналаас дээд шатны Засаг дарга тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлаа дахин зарлан хуралдуулах талаар хариу хүргүүлсэн боловч Наран багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдахгүй байсан тул Н-г Наран багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Засаг даргын албан тушаал улс төрийн албан тушаал болохын хувьд дээд шатны Засаг дарга “томилохоос татгалзаж болно” гэж тусгайлан сонгох боломж олгосон зохицуулалт төдийгүй дээд шатны Засаг дарга томилохоос нэг удаа татгалзаж, дараагийн удаа томилохоор хуульчилсан нь уг харилцаанд оролцогчдын аль нэгэнд “давуу эрх” олгохгүй байх, эдгээр оролцогчдын хооронд зөвшилцлийг бий болохыг зорьсноор зохицуулагдахаар байна.
Иймд сумын Засаг даргын тухайд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд сонголт хийж, Наран багийн Засаг даргыг томилохоос нэг удаа татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Багийн Засаг даргыг томилохоос татгалзсан тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын 5 өдрийн дотор дээд шатны Засаг дарга томилох үүрэгтэй байхаар хуульд тусгайлан нарийвчлан зохицуулсан байна.
Б-ийг багийн Засаг даргад томилохоос татгалзсанаар Наран багийн иргэдийн Нийтийн Хурал багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй тохиолдолд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Н-г Наран багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзлээ.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах