Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдахыг хориглоно

             Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэр

             Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2024 оны 04 дүгээр сарын 22, Дугаар 4

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А компаниас татварын улсын байцаагчийн торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгч компанийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэж 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хуулийн этгээд нь аймгийн Засаг даргаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр согтууруулах ундааг худалдан борлуулахдаа онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг хориглосон холбогдох хуулийн заалтыг биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс “...Хэн нэг үйлчлүүлэгчид худалдаагүй, мөнгөөр зарсан үйлдэл байхгүй, худалдсан, борлуулсан болохыг баримтаар нотлоогүй. Тухайн виски нь олон тоогоор байгаагүй. Зарж борлуулаагүй байхад хурааж аваад явсан...” гэж маргадаг.

Нэхэмжлэгч компани хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул түүнд торгууль ногдуулах үндэстэй байна. Тодруулбал, худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар хуулийг тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй.

Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцогддог. Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан тул онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа лангуундаа байршуулан зарж байсан үйлдлийг үгүйсгэх боломжгүй.

        Иймээс нэхэмжлэгч компанийн “...Хуулиа мэдэхгүй учраас ил тавьсан. Нуун дарагдуулсан бол нэгийг тавиад бусдыг нь нуух байсан, дэлгүүрийн худалдагч нь байгаа юм, жижиг дэлгүүр уг торгуулийг төлж чадахгүй” гэсэн тайлбаруудаар татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.