ТҮҮХЭН ЗАМНАЛ

1939 оны 12 сарын нэгнээ
Говь-Алтай аймгийн анхдугаар бага хурлаас
Говь-Алтай аймгийн яамны дарга тэргүүлэгчидэд 22-г сонгох тухай хэлэлцээд гаргасан тогтоол
1. Аймгийн яамны тэргүүлэгчидэд үндсэн хууль ба сонгуулийн зааврын ёсоор хүмүүсийг сонговоос зохих хүнд нөхөр Билгүүн, Сэрээтэн, Лхагважав, Жамц, Чимэд, Зул, Налайжав, Гүнсэн, Нямбуу нарыг сонгохоос гадна аймгийн даргад нөхөр Билгүүн, орлогч даргад Сэрээтэн, Цэргийн хэлтсийн даргад Лхагважав, Эмнэлэгийн хэлтсийн даргад Жамц, Гэгээрлэлийн хэлтсийн даргад Чимэд, Санхүүгийн хэлтсийн даргад Зул нарыг сонгон баталсугай .
2. Аймгийн шүүхийн даргад нөхөр Нямбуу, орлогч даргад Натагдовчин нарыг сонгон баталсугай.
 
 
Говь-Алтай аймгийн Шүүхийн товч танилцуулга

Говь-Алтай аймгийн шүүх 1940 оны 11-р сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн яамны дээд эрхийг барих анхдугаар их хурлаас шүүхийн дарга, орлогч дарга, ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй сонгон байгуулснаар 1940 оны 12 сарын 5-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулсан. Энэ үед аймгийн шүүх нь дарга, орлогч дарга, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга зэрэг зургаан орон тоотой 14 мянган төгрөгийн төсөвтэй, конторын дөрвөн гэртэй байв. 1940-өөд оны үед шүүх цаазын бичигт зааснаар нэг жилээс дээшгүй хорих ялаар шийтгүүлэх эрүүгийн бүх хэрэг, 1000 төгрөгнөөс үл хэтрэх иргэний маргаантай хэргийг сумдын захиргаад хүлээн авч сумын дарга, ардын хоёр төлөөлөгчтэйгээр шийдвэрлэн тэр эрхээс хэтэрсэн эрүү, иргэний бүх хэргийг аймгийн шүүхийн эрхээр шийдвэрлэхийн хамт сумдын дарга нарын шийдвэрлэсэн эрүү, иргэний бүх хэргийг хянадаг байжээ.
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3-р сарын 15-ны өдрийн 20-р тогтоолоор сумдын захиргаад эрүү, иргэний хэргийг хүлээн авч шийдвэрлэдэг эрхийг өөрчилж, шүүн таслах ажлыг ардын шүүх дагнаж гүйцэтгэдэг болсноор аймгийн шүүхийн үүрэг ихэд өсч, ажлын хэмжээ нэмэгдэх болжээ.
1947 онд аймгийн шүүхийн харьяанд ангийн шүүх нэртэй орон нутгийн ардын шүүхүүдийг байгуулах болж аймгийн захиргааны тэргүүлэгчдийн 14-р тогтоолоор ангийн шүүх дөрвийг тус бүр гурван хүний орон тоотойгоор байгуулж, хэд хэдэн сумдыг харьяалан хөдөө сумд төвлөрөн ажиллах болсон байна. 
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1953 оны 567146 дугаар тогтоолоор ангийн шүүхүүдийг ардын хэсгийн шүүх болгон 
өөрчилж шүүхийн дарга нарыг хөдөлмөрчдийн саналаар сонгох журмыг тогтоож, анхдугаар сонгуулийг 1956 оны 6-р сард явуулсан байна. 

1962 оны нэгдүгээр сараас эхлэн ардын хэсгийн шүүхийг нүүдлийн шүүх болгон өөрчилж шүүгч нарыг АДХ-ын чуулганаас шууд сонгож аймгийн төвөөс хөдөө сумдад нүүдэллэн ажиллуулж байсан ба 1975 онд хэсгийн ардын шүүхийн сонгууль явагдаж хөдөлмөрчдийн хурлаас тус аймагт хэсгийн ардын шүүх зургааг байгуулан ажиллуулсан байна. Тус аймгийн шүүх байгуулагдахад анхны даргаар нь Нямдалын Нямбуу, 1940-1943 он хүртэл ажиллаж дараах дарга нар залгамжилжээ.
Чимэдийн Рэнчинсамбуу 1943-1948 он, Сэнгэдоржийн Сономхүү 1948-1951 он, Монхооны Шагдар 1951-1953 он, Балжидмаагийн Цэрэнбалжир 1953-1956 он, Дүгэрийн Нямдаваа 1956-1957 он, Маадайн Төмөржав 1957-1960 он, Готовын Лувсан 1960-1962 он, Гомбожавын Пүрэвжав 1962-1978 он, Дамбын Сундуйжав 1978-1985 он, Раашийн Ишцог 1985-1988 он, Тогталын Байгонак 1988-1993 он, 
1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, 1993 оноос Монгол Улсын Шүүхийн тухай хууль мөрдөгдсөнөөр хараат бус, бие даасан шүүхийг жинхэнэ ёсоор байгуулах, ардчилал, хүний эрх чөлөөг баталгаажуулж, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг засаглалын хэмжээнд харилцан бие биенээсээ үл хамаарч, харилцан бие биенээ хянаж, барьж, харилцан тэнцвэртэй байж Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болох Шүүхийг УИХ, Засгийн газартай тэнцвэртэй хэмжээнд хүртэл бэхжүүлэхээр тусгасан нь Шинэ үндсэн хуулийн гол тулгуур зарчим болсон билээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь Монгол Улсын дээд шүүх, Аймаг нийслэлийн болон захиргааны хэргийн дагнасан шүүх, сум, сум дунд, дүүргийн шүүхээс бүрдэнэ гэж заасны дагуу тус Говь-Алтай аймагт Давж заалдах шатны болон захиргааны хэргийн, сум дундын шүүх байгуулагдан нийт 12 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс томилогдон хуульд заасан шүүн таслах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүгчийг төв орон нутгийн хууль тогтоох болон, хурлын байгууллагаас тодорхой хугацаагаар сонгодог байсныг өөрчлөн бүх насаар нь томилдог болсон нь шүүгчийн хувийн хараат бус байдлын чухал баталгаа болсон төдийгүй, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг "Шүүх эрх мэдэл”-ийн хэмжээнд хуульчилсан цоо шинэ тогтолцоо болсон юм.
Нийтийн эрх зүйн субьект болох засаг захиргааны байгууллага, албан тушаалтаны хууль хэрэгжүүлэн биелүүлж байгааг, иргэд хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шалгаж, байгууллага албан тушаалтны, хууль бус акт, үйл ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилго, эрх мэдэл бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 оны 06 сард байгуулагдан үйл ажиллагааг явуулж байна.
1993 оны 04 дүгээр сард Шүүхийн Тамгын хэлтэс анх байгуулагдсанаас эхлэн хуульд заасны дагуу, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд, шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг сайжруулах, Шүүхийн санхүү аж ахуйг бэхжүүлэх, шүүгч ажилтнуудын нийгмийн асуудал, шүүхийн техник хэрэгсэл, аж ахуй хангамжийг шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажиллах болсон нь шүүхийн бие даасан байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.