“ШҮҮХ-МИНИЙ НҮДЭЭР” СЭДЭВТ ЭССЭ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮДЭЭС

authoradmin date18-12-2018, 11:23 categoryМэдээ мэдээлэл 54 Үзсэн

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүний эрх, хууль эрх зүйн боловсролыг дэмжих, шүүхийн үйл ажиллагаа, хуульч, шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд "Шүүх-Миний нүдээр” зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд дунд бүлгийн сурагчид зохион бичлэг, ахлах бүлгийн сурагчид эссэ бичиж оролцсон ба дунд болон ахлах бүлгийн сурагчид өмнө нь шүүхэд ирж, шүүхийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус уралдаанд дунд бүлгийн 32, ахлах бүлгийн 16 хүүхэд тус тус зохион бичлэг, эссэ бичин оролцож, хүүхдийн нүдээр шүүх эрх мэдлийн байгууллага хэрхэн ажилладаг талаар төсөөллөө хуваалцсан, өөрсдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээллээ сайжруулсан, үр дүнтэй ажил болж өнгөрлөө.

Эссэний төрөлд:

1-р байрт Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Д.Бум-Эрдэнэ

2-р байрт Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч У.Болоршагай

 

 

Зохион бичлэгийн төрөлд:

1-р байрт Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 7В ангийн сурагч О.Анужин

2-р байрт Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 7В ангийн сурагч А.Аззаяа

Тусгай байрт Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 7В ангийн сурагч Б.Азжаргал нар тус тус шалгарч, дурсамж, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Уралдаанд шалгарсан бүтээлүүдээс:

 

 

Эссэний төрөлд 1 дүгээр байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Д.Бум-Эрдэнийн эссэ

 

 

Шүүх миний нүдээр

Ирээдүйн мэргэжлээ хууль зүйн салбартай бат холбохоор шийдсэн миний хувьд "Шүүх” гэх энэхүү тогтолцоог өөрийн өнцгөөс хэрхэн дүгнэж явдгаа илэрхийлэх боломж олдсонд туйлын баяртай байгаа ч битүүхэндээ басхүү худал өгүүлэх вий гэх эмээлтийг өвөрлөнө. Гэсэн ч "Зоригоо бүү мохоо, айдсаа бүү зохио” гэх дээдсийн үгийг санаад энэхүү эссэгээ бичлээ.

Цаг хугацаа урсан одохдоо хүмүүүний үйлдсэн гэм буруу хийгээд үнэн зөвийг алийг нь ч ялгалгүйгээр хаман өнгөрдөг. Буцааж болохгүй цаг хугацаанд та хохирогч эсвэл хэлмэгдэгч болон хоцорвол юу хийх вэ? Хэнд хандах вэ? .... Үүний шийдэл нь "Шүүх байгууллага” юм. Шүүх нь дан ганц гэмтэн, хохирогчийг тогтоох бус өнгөрсөн үед нуугдаж үлдсэн шударга үнэнийг нээн илрүүлэх хүч юм. Нэрт эрх зүйч Н.Хартманы тэмдэглэснээр "Хүмүүний эв нэгдэл болсон нийгмийг цогцоор нь хадгалан үлдэх гол үндэс нь эрх зүй” хэмээжээ. Тэгвэл нүдэнд үл харагдаж, гарт мэдрэгдэхгүй ч хүн төрөлхтнийг цогцлоон тогтоогч "эрх зүй” гэх хийсвэр гэмээр ойлголтыг бодит байдалд буулгаж өгдөг байгууллага бол "шүүх” юм.

Эрх чөлөөг эрхэмлэгч XXI зууныг эл салбартай холбон ойлговол, миний хувьд 1. хөгжил ба түүх, 2. хандлага ба шударга ёс, 3. итгэл ба хариуцлага гэж задлан тайлбарлаж болох юм.

1. Хөгжил ба түүх: Аливаа нийгэм мөнхийн тасралтгүй хөгжсөөр л байдгийн нэг жишээ бол хууль зүйн хөгжил юм. Нийлмэл нийгэм (600-10000) үүссэн үеэс л анх шүүхийн гэмээр ойлголт бий болсон гэдэг. Харин анхны шүүх хуралдааны хэлбэр МЭӨ400-1300 онд эртний Ромд хөгжсөн гэх баримт бий. Харин Монгол оронд оршиж ирсэн шүүх тогтолцоог авч үзвэл,

Анх Хүннү гүрний "Ши Цзи” буюу "Түүхэн тэмдэглэл”-д Ирт үзүүрийг гаргавал цаазаар авна, хулгайн ялтны эдийг хураана, хөнгөнийг бэргээнэ, хүндийг цаазална, хэмээн заажээ. Хожим Их Монгол улсын үед "Их засаг” хууль гарсан нь тухайн үеийн нийгмийг бүх л талаас нь хянаж байв. Үүнээс хойш, "Их Юаны нэвтэрхий хууль” "Дөчин дөрвөн хоёрын их цааз” "Халх журам” гэхчлэн өөрчлөгдсөөр байсан нь аль нийгмийн оршин тогтнолд "Эрх зүй” чухал байр суурьтай байсныг илтгэнэ. Харин өнөөгийн түүх нь 1921 оны ардын хувьсгалтай салшгүй холбоотой. Хүн бүрийн зүрхэнд бөхсөн найдварын гэрлийг дахин асааж чадсан зүйл бол анхдугаар "Үндсэн хууль” юм. Тэрээр тус хууль нь ардчилалын үндсэн хууль болох тэгш эрх, шударга ёсыг анхлан буулгасан. Энэ үед анхны шүүх байгууллага болох "Шүүн таслах хэлтэс” байгуулагджээ. Үүнээс хойш 1940, 1960 онуудад дахин шинэчлэгдсээр 1992 онд өдгөөгийн шүүх тогтолцоо бүрэлдсэн. Эндээс үзвэл шүүх тогтолцоо нь тухайн ниймгийнхээ төлөв байдлыг даган мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг хувьслын шинжтэй зүйл ажээ.

2. Хандлага ба шударга ёс: "Шүүх” гэдэг үгийг сонсмогц ард нь "Шударга ёс” гэх үг даган цуурайтаж байдаг. Шүүхэд хандсан хэн боловч эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт "Шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан хэргийг, хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй шударгаар шүүлгэх эрхтэй” хэмээн тусгасан нь эртний сэтгэгч Гегелийн хэлсэнчлэн "Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны зарчмыг хангасан хууль л жинхэнэ эрх зүй юм” гэсэнтэй бүрэн дүйцэж буй юм. Эндээс л Монгол Улсын шүүх дэлхийн жишигт нийцсэн найдвартай болох нь харагдаж байна. Харин эл жишгийг практикт зөв буулгах эсэх нь шүүхийн гурван багана болох шүүгч, прокурор, цагдаа нараас хамаарна. Хэрэв хэзээ нэгэн цагт дэлхийн индэр дээрээс энэ салбарт хандан үг хэлэх боломж олговол,

"Худал үнэнийг хэлэлцсэнээр

Хоромхон зуур хэрэг бүтэх боловч

Хотол бүгд дор жишигдээд

Хойшхи хэрэг үл бүтмой” хэмээн "Эрдэнийн сан Судашид”-аас эш татан илтгэхийг хүсч байна. Иймд албан хаагчид нь л хандлага зөв, шударга хашиж чадвал хуулийг хэн ч үл тэрсэлнэ.

3. Итгэл ба үүрэг хариуцлага: Ер нь аливаа зүйл дан гэгээлэг байна гэж үгүй бизээ. Хаа нэгтээ нь сүүдэр гэрэл гэгээтэйгээ тэнцэх шахам тэлсэн юм биш байгаа гэх зурвасхан бодол хааяа орж ирдэг юм. Жишээлбэл ихэнх хүмүүс шүүх байгууллагыг хар бараан, цэвдэг талаас нь хардаг. Энэ нь магдагүй шүүх байгууллагын талаар мэдээлэл хомстой холбоотой байх. Учир нь хэвлэл мэдээллийн дийлэнх нь хүнд гэмт хэрэгтнүүдийн жигшим түүх, эрх мэдэлтний бузар булхайг шүүн хэлэлцүүлж байдаг. Гэвч бусдад л дэлгээгүй болохоос олон арван хүмүүст амьдрах итгэл, найдварын очийг бэлэглэсэн байдаг. Саяхан гэхэд гэр нь түймэрт автаж, бичиг баримтаа дахин сэргээлгэсэн эгчийн ярилцлагын унштал "Шүүхэд хандсан цагаасаа хойш шүүх гэдэг нийгмийн тодорхой хэсэгт үйлчилдэг байгууллага биш гэдгийг ойлголоо. Хэргийг маань түргэн шийдвэрлэж өгсөнд баяртай байна” гэжээ. Энэ мэтчилэн сайн нь муугаасаа их хорвоод ил биш болохоос талархууштай зүйл олон бий байх.

Бусдыг шүүн хэлэлцэнэ гэдэг хамгийн хариуцлагатай үйлдэл гэж боддог. Багахан л алдаа гаргахад гэмгүй нэгнийг гэмтэн болгож, насаар нь сэтгэлийн шархтай үлдээнэ. Тиймээс л энэ их хүндтэй, үүрэг хариуцлагатай салбарыг муулж, гутаах бус үнэлж урамшуулах хэрэгтэй байх гэж боддог.

Үхлийн хойно бурхан дэнсэлнэ

Үйлийн ард шүүгч биднийг дэнсэлнэ.

Мунхагт эрлэг, шударгад тэнгэрийн элч болсон "Шүүх” байгууллага үгүйсэн бол хүн та адгуус адил.

 

 

 

Эссэний төрөлд 2 дугаар байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч У.Болоршагайгийн эссэ

 

 

 

Шүүх миний нүдээр

 

"Тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдарна” гэсэн монгол ардын зүйр үг бий. Хэрвээ бидний амьдралд хууль дүрэм гэж байхгүй байсан бол энэ нийгэм ямар ч хөл толгой нь мэдэгдэхгүй, эмх замбараагүй байдалд байх байсан биз. Хүн төрөлхтний адгуус амьтнаас ялгаж буй гол зүйл нь хууль дүрэм гэж хэлж болно. Өнөөгийн нийгэмд хүн хуулиас ангид түүнээс гадуур амьдрах боломжгүй билээ. Өглөө босоод замын хөдөлгөөнд оролцох, сургууль, цэцэрлэг, ажил албандаа явах бараа бүтээгдэхүүн худалдаж авах, гадаад дотоодод аялах зэрэг хүний бүхий л харилцааг хуулиар зохицуулдаг. Эдгээр харилцаанд олон янзын байр суурь эрх ашиг сонирхол бүхий хувь хүн, албан байгууллагууд оролцдог бөгөөд тэдгээрийн хооронд зөрчил маргаан, үл ойлголцол гарч байдаг билээ. Тэгвэл эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг юм бол оо? Хүн бүрийн дүр төрх, зан авир хийгээд нийгэмд эзлэх байр суурь нь харилцан адилгүй. Хүмүүс ялгаатай үзэл бодол, хэрэгцээ, хүсэл, ашиг сонирхлоосоо болоод зөрж маргадаг. Зарим тохиолдолд 2 тал харилцан ойлголцож асуудлыг хүндрүүлэлгүй шийддэг бол зарим зайлшгүй тохиолдлууд болох эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, бие махбодоороо хохирсон үедээ хохирлоо барагдуулж эрхээ сэргээлгэхийн тулд шүүх, шүүхийн байгууллагад ханддаг. Уг байгууллага нь хэргийг эрх тэгш, шударга хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.


Миний бодлоор шүүхийн байгууллага гэдэг бол хэний зөв, хэний буруу, аль тохиолдолд нь хуулийг зөрчиж байна. Аль тохиолдолд нь хуульд нийцэж байна?, Шударга үйлдэл үү? шударга бус уу? гэх мэт олон ээдрээт асуудлуудад шударга, олон нийтийн эрх ашигт нийцсэн тогтвортой хариултыг өгдөг байгууллага гэж боддог. Яагаад ард иргэд маань хуулийг дагаж мөрдөхийн оронд зөрчөөд байна вэ? магадгүй ард иргэд маань хуулийн мэдлэг, мэдээлэл дутуу дулимаг байгаагийн улмаас зөрчил маргаанаа шийдэж чадахгүй, цаг хугацаа, аж амьдрал гэх мэт олон үнэт зүйлээрээ давхар хохирч байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд миний бодлоор иргэдэд мэдээ мэдээллийг цахим сүлжээ, телевиз, сонин сэтгүүл гэх улиг болсон асуудлаар хүргэх биш, сургалт семинар, тэмцээн уралдааныг явуулах зэргээр үйл ажиллагаа явуулж болно. Жишээлбэл ямар нэгэн ажилд ороход нь тухайн ажилд шаардагдах хууль эрх зүйн шалгалт авах байж болно. Мөн өглөөд эсхүл 7 хоног нэг удаа хэрэглэгчийн гар утсанд хуулийн талаарх мэдээлэл , тохиолдол (кейс) зэргийг зурвасаар илгээж болно. Түүнчлэн "хуулийн мэдээлэл” гэсэн гар утасны аппликейшн бий болгон шүүхийн байгууллагын тухай мэдээ мэдээлэл, хууль дүрмийн тухай мэдээллийг бүгдийг багтаах бөгөөд хүссэн үедээ хэрэгтэй мэдээ мэдээллээ авах боломжтой байна. Гол нь иргэдийнхээ хуулийн мэдлэг боловсролд түлхүү анхаарах хэрэгтэй. Энэ нь цаашлаад хуулийн хэрэгжилт шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ч эерэг үр дагаврыг авчирна. Заавал хохирол амсаж, хэрэг явдал болж өнгөрсөн хойно шүүхэд хандах бус хэлж ирдэггүй хийсэж ирдэг зөрчил маргааныг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд урьдаас тодорхой мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал юм шүү гэж хэлмээр байна.

Хүмүүс бид өвдөхөөрөө эмнэлэгт очдог. Учир нь бидэнд эмч хэрэгтэй. Тэгвэл хүмүүс зөрчилдөхөөрөө "шүүх”-д ханддаг. Учир нь бидний амьдарч буй нийгэм эрүүл, аюулгүй байхын тулд шүүх /прокурор, өмгөөлөгч/ хэрэгтэй Орчлон ертөнцийг гийгүүлэгч бол нар билээ. Харин нийгмийн ертөнцийг гийгүүлэгч нь "Шүүх” гэж би бодлоо. Үүнээс үзвэл нар гэдэг хүмүүсийг өндөр, нам, хөгшин залуугаар нь ялгаж зааглахгүй бүгдийг л ивээж гэрэлтүүлдэг. Үүнтэй адил шүүхийн байгууллага нь хүмүүсийг эрх мэдэл, нас хүйс, сайн муугаар нь ялгаж бусдын нөлөөнд авталгүй, хараат бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүн бүрд адил тэгш үйлчилдэг юм.

 

"Шүүхийн байгууллага бол нийгмийн тэнгэрт мандсан нар юм”


Зохион бичлэгийн төрөлд 1 дүгээр байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч О.Анужингийн зохион бичлэг

 

Шүүх миний нүдээр

Шүүх бол улс орон болон нийгэмд чухал байр суурь эзэлдэг. Шүүх нь аливаа хүмүүсийн хоорондох маргаан болон асуудлыг шийдвэрлэдэг. Мэдээж хүн байгаа газар хүмүүсийн хоорондын зөрчил байж л таарна. Хэдэн жилийн өмнөөс л эртний улсууд асуудлыг шийдэх арга зохиож, зохих ёсны шийтгэлийг өгсөөр ирсэн. Үүний нэгэн жишээ бол эртний улсын хууль юм. Энэхүү хуулинд "Хэрэв барилгачны барьсан барилга нурж барилгачны эзний хүүг хохироовол барилгачны хүүг яг адил хохирооно. Хэрэв эмч өвчтнөө аварч чадахгүй бол өөрийг нь бас шийтгэ гэсэн байдаг. Мөн хоёр хүний аль буруутайг шийдэхдээ ус руу шидээд хэрэв дээр нь хөвж гарч ирвэл тэр буруугүй, харин доош унавал буруутан болдог байв. Энэ хууль хэчнээн шударга бус боловч хүмүүс нь үүнийг даган мөрдөж илүү болгоомжтой байсан юм болов уу гэж би бодсон. Харин орчин үед " хүн бүр эрх тэгш байх ёстой” гэж аливааг шударгаар шүүдэг болсон. Бид өдөр хоног цаг мөч бүр нийгмийн харилцаанд орж байдаг. Гэхдээ бид яг зөв харилцаж байж л зөрчил маргаан гаргахгүй байж чадна. Хэрэв зөрчил гаргасан бол түүнийгээ зөвөөр шийдэхийн тулд цагдаад хандах хэрэгтэй. Цагдаагийн газар түүнийг шүүхээр шийдүүлэх хэрэгтэй гэж үзвэл Прокурорын газарт шилжүүлдэг. Шүүх хурал эхлэхээс өмнө эвлэрэх газарт очно. Тэнд эвлэрч чадахгүй бол шүүх хуралд оролцоно. Шүүх хурлыг дотор нь Иргэний шүүх, Эрүүгийн шүүх, Захиргааны шүүх гэж 3 ангилна. Шүүх хурал нь шүүгч, өмгөөлөгч, прокурор, хохирогч, яллагдагч, нарийн бичиг, иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй явагдана. Харин хохирогч болон яллагдагчийн гэр бүлээс хүсвэл ирж сууж болдог. Шүүх хурлын танхим нь нь хүрэн улаан өнгатэй байдаг. Энэ өнгө нь хүнд өнгө бөгөөд өөрийгөө ухаарах сэтгэгдэл төрүүлдэг. Аливаа зүйлд дүрэм журам гэж байдаг. Харин энэ дүрмийг даган баримтлах нь бидний үүрэг. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Хүн бүр эрх тэгш байх ёстой.



 

Зохион бичлэгийн төрөлд 2 дугаар байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч А.Аззаяагийн зохион бичлэг

 

Шүүх миний нүдээр

Хувь хүмүүс хоорондоо өдөр тутамд цаг минут бүрт харилцаанд орж байдаг. Энэ үед хүний шунал, атаархал, ашиг сонирхол зэргээс болон зөрчил маргаан хэрүүл тэмцэл үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэлгүй үлдээвэл зөрчил маргаан гүнзгийрч амь насанд нь аюул учирна. Ийм учраас хууль хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй. Хуулийг мөрдүүлдэг газар нь шүүх юм. Манай анги аймгийнхаа шүүхийн газартай 11 сарын 21-нд очиж танилцсан нь надад маш их үр өгөөжтэй санагдсан. Учир нь би том болоод шүүгч болно. Яагаад гэвэл бусдын хэргийг үнэн зөв шүүж алдаа дутагдалтай хүмүүсийг ухааруулж байх нь нэн сайхан зүйл юм. Шүүхийг эрүүгийн хэргийн шүүх, иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүх гэж гурав хуваадаг. Би том болоод иргэний хэргийн шүүгч болно. Учир нь иргэн хүн гэдэг бол эрхээ эдэлж үүргээ биелүүлэх ёстой хамгийн чухал хүмүүс юм. Би шүүхийн байгууллага дээр очиход шүүхийн газарт ямар их дүрэм журам үүрэг хариуцлага байдгийг мэдсэн. Тавилганы өнгө, сандал, байршил зэргийг хараад мөрөөдөлдөө хүрэхийг илүү их бодох болсон.


 

 

 

Зохион бичлэгийн төрөлд тусгай байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч Б.Азжаргалын зохион бичлэг

Шүүх миний нүдээр

Шүүгч бол миний холын бөгөөд бяцхан мөрөөдөл. Би шүүхэд очиж үзээгүй. Харин энэ удаа үзлээ. Гоё ч юм шиг аймаар ч юм шиг, би ер нь юу гэж хэлэхээ мэдээгүй. Энэ мэдээллүүд надад маш их таалагдсан. Энэ бүх мэдээллүүд миний мөрөөдлөө биелүүлэх уртаас урт шатны минь нэг гишгүүрийг хасаж өгсөн. Энэ бүгдээс надад хамгийн их таалагдсан нь шүүх түүний ангилал. Шүүхийг: Эрүүгийн шүүх, Захиргааны шүүх, Иргэний шүүх гэж ангилдаг гэсэн. Кинон дээрээс л харж байсан зүйлээ бодит амьдрал дээр ялангуяа бүр очиж үзнэ гэдэг бол маш том аз завшаан. Яг л зүүд мэт. Би эрүүгийн хэргийн эсвэл захиргааны хэргийн шүүгч болмоор байна. Би яг ингэж төсөөлдөг. Би голынх нь том сандал дээр суугаад шүүгчийн хувцас өмсөөд нөгөө жижиг модон алхаар ширээ рүү цохиж "Шүүх хурал өндөрлөлөө. Шүүгч нарын гаргасан шийдвэр иргэн Б-д Үндсэн хууулийн....-ыг үндэслэн......хуулийг зөрчсөний дагуу .......-ын ял оноосугай гэж хэлээд л Энэ бол миний хамгийн том хамгийн хайртай мөрөөдөл. Шүүх хурлын танхимын тавилгын өнгийг шүүгчид шийддэггүй, яллагдагчийг айлгах үүднээс бор өнгөөр хийдэг, шүүгчдийн сандал дээр байгаа дэнс бол шүүх бүрэлдэхүүний билэг тэмдэг. Хуулийн өмнө хүмүүсийн эрх тэгш байлгахын тулд дэнсийг бэлгэдэл болгон хэрэглэдэг гэсэн. Шүүгч нарын сандал ч гэсэн албан тушаалаас шалтгаалан өндөр нам байдаг юм байна.

 

 

 

 

Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив